“Ад үзэгдэх зориг” номын тэмдэглэл

Nominjii
5 min readOct 31, 2020

--

미움 받을 용기 독후감

Номын нэр: Ад үзэгдэх зориг

Зохиолч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ

Орчуулагч: ТОМё БОДё

Эрхлэн гаргасан: Гаруна Паблишинг

Хэвлэгдсэн он: 2020

Уг ном нь өмнөх зууны Австрийн сэтгэлзүйч, эмч, бодгаль сэтгэл судлалын онолыг үндэслэгч Альфред Адлер(1870–1937)-ын үзэл санаан дээр тулгуурлан бичигджээ.

“Аз жаргалтай байя гэвэл ад үзэгдэх зоригтой байх хэрэгтэй. Тийм зориг үүссэн цагт таны хүмүүстэй харилцах харилцаа асуудалгүй явагдана. Бусдад таалагдах гэж хүмүүсийн хүссэн найдсан загвар хайрцагт өөрийгөө багтаах гэж битгий амьдар. Бид бүхэнд хэрэгтэй тэр нэгэн зүйл бол урагшаа нэг алхах эр зориг юм. Ердөө ганц тэр л юм. Чиний одоо өөрийгөө аз жаргалгүй гэж үзэж байгаа нь өнгөрсөн амьдрал нөхцөл байдалтай эсвэл мэдлэг чадвар дутсанаас болоогүй. Зөвхөн эр зориг л дутсаных л юм”

“Чухал зүйл нь чамд юу өгөгдсөн бэ гэдэгт биш, өгөгдсөн зүйлээ чи хэрхэн яаж ашиглаж байна вэ гэдэгт л байгаа юм”

“Амьдрал гэдэг хэцүү зүйл биш та өөрөө л энэ амьдралыг хэцүүгээр харсан байдаг. Одоогийн байгаа өөрийгөө төсөөлөл доторх өөртэйгөө хэт харьцуулсанас үүдэлтэй”

“Бид бусад хүмүүсийн хүлээлт, найдлагыг дүүргэхийн төлөө амьдарч байгаа хэрэг огт биш юм”

“Ад үзэгдэх зориг” ном нь А.Адлерийн онол дээр тулгуурлан харилцан яриа хэлбэрээр бичигдсэн бүтээл билээ. Энэ номны талаар анх 2016 онд хэн нэгнээс сонсож нэр нь их содон учир мартаж ер чадаагүй юм. “Ад үзэгдэх” гэдэг нь сөрөг утгатай боловч “Зориг” гэдэг үг нь эерэг утгатай нийлээд “Ад үзэгдэх зориг”. Уг нэршил нь сөрөг харанхуйг гэрэлтүүлж өгөх шийдэл мэт ямар нэгэн итгэл найдварын гүнзгий мэдрэмжийг надад төрүүлсэн юм.

Энэ номтой нүүр тулан уулзсан нь 2019 оны 11 сар. Урин зун, налгар намар дуусч цаг агаар хүйтэрч эхэлсэнтэй адил өөрийн минь сэтгэл зүйн хувьд ч бас тийм нэгэн сэрүүхэн өдрүүд байсан юм. Би өсөж том болохын хирээр миний тухай бусдын(аав, ээж, найз нөхөд, хамт олон, багш нар) бодлыг дүүргэж хүлээн зөвшөөрөгдөх нэн хүсэлтэй нэгэн болон хувирсан байжээ.

Номыг уншиж эхлүүлмэгц номын гол дүрийн залуугийн тавиж буй асуултууд нь миний үзэл бодолтой маш адилхан байсан юм. Би байсан бол бас ингэж асуух байсан даа гэмээр. Эхний бүлгийг амьсгаагаа дарж ядан уншсаны дараа сэтгэл минь урьд байгаагүй хачин ихээр уужирч байгааг анзаарч билээ. Ийнхүү номыг дуустал нь уншсанаар амьдралд хандах хандлага, юмсыг харах өнцөг маань арай эвтэй, зөөлхөн, эерэг болж өөрчлөгдсөн юм. Тэр үед л сэтгэл зүйн онол хүний амьдралд хичнээн их хэрэг болдогыг биеэрээ, практикаар мэдэрсэн. Энэ номыг зөв цагаа олж уншсандаа азтай байлаа. Баярлалаа.

Нэгдүгээр бүлэг:

1. Хүн бүр өөрсдийн үзэл бодол, өнцгөөр энэ дэлхийг хардаг нь яг л өнгө өнгийн нүдний шил зүүсэн мэт. Энэ нүдний шилээ аваад амьдралыг байгаа өнгөөр нь харах зориг дутдаг юм биш биз?

2. Хүний хийж буй бүх юмны цаана өөрөө ухамсарласан эс ухамсарласан зорилго заавал байдаг.

3. Хүн бүрт өөрчлөгдөх боломж ямагт байдаг. Өнгөрсөн үе чинь чамайг тодорхойлохгүй. Ханиад хүрсэн хүнд ханиад хүрэх болсон шалтгаанаас илүү хурдан эдгээх нь чухал байдаг. Өнгөрсөнд болсон үйл явдал бус одоогийн зорилго илүү чухал. Өнгөрсөн дэхь үйл явдлыг хэрхэн үнэлэж буйгаас чинь чиний одоогийн төрх шалтгаалдаг.

4. Уур хилэн бол хүн төрөлхтөний хувьд хүссэн үедээ гаргаж бас далд хийж болдог сэтгэл зүйн хэрэгсэл төдий зүйл юм.

5. Өөрөө өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч үзэл бодлоо сонгож амьдарч сурах нь хамгаас чухал. Чамд юу өгөгдсөн бэ гэдэгт биш, өгөгдсөн зүйлээ чи хэрхэн яаж ашиглаж байна вэ гэдэгт учир байгаа юм.

6. Үзэл баримтлалаа өөрчлөхгүй энэ хэвээрээ байх нь танд илүү тухтай учраас өнгөрсөн амьдралаасаа асуудал хайж олоод түүгээрээ шалтаглан өөрчлөгдөх шинэчлэгдэх хүслээ хойшлуулдаг уу? Өөрөөр хэлбэл танд өөрчлөлт хийх зориг дутаагүй биз?

Хоёрдугаар бүлэг:

1. Хичнээн хэцүү харилцаа байлаа ч эгцлэн харахаас зайлсхийж болохгүй. Зоригтой бай.

2. Одоогийн өөрийгөө хүлээн зөвшөөрч үр дүн нь ямар ч байлаа гэсэн цаашлан алхаж чадах эр зоригийг өөртөө бий болгоорой.

3. Хүнд тохиолдож буй бүх сэтгэл зүйн асуудлууд хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй. Жишээлбэл сансарт цор ганцаараа амьдралтай бодьгаль байсан бол хэнд ч гомдохгүй, ганцаардал гэдэг ойлголт ч оршихгүй байсан. Цаашлаад хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах хэрэг ч байхгүй байх байсан бизээ. Харин хүн төрөлхтөн бид угаас нийгмээр амьдарч нэг нь нөгөөтэйгээ ямар нэгэн байдлаар холбогддон, харилцан үйлчлэлцдэг. Түүнээс шалтгаалж зөрчил тэмцэл, уур хилэн, хайр энэрэл, гомдол цөхрөл байх нь зүйн хэрэг.

4. Хүн бүхэнд дутуугийн мэдрэмж бий. Энэ нь хүн угаас төгс төгөлдөрлүү тэмүүлж түүний төлөөх хэрэгцээ шаардлага ямагт оршин байдагтай холбоотой. Хичнээн сайн тогооч байсан ч илүү гоё амтыг гаргах хэрэгтэй гэсэн хүсэл, мэдрэмж байж л байдаг шүү дээ.

5. Амьдрал бол бусад хүмүүстэй хийх дайн биш. Зүй зохистой дутуугийн мэдрэмж гэдэг нь өөрийгөө бусадтай харьцуулж үүссэн бус мөрөөдөл төсөөллийн өөртэйгөө одоогоо харьцуулсанаас үүдсэн мэдрэмжийг хэлнэ.

6. Бүх зүйлийг өрсөлдөөн болгож хараад бусдын аз жаргалын өөрийн алдаа гэж хүлээж аваад байвал чи хэзээ ч амар тайван байж чадахгүй.

Гуравдугаар бүлэг:

1. Чи хүн болгонд таалагдана гэж хэзээ ч байхгүй. Тиймээс бусдад ад үзэгдсэн ч өөрийн үнэ цэнээ үгүйсгэхгүй байх хангалттай их зоригтой бай.

2. Бид бусад хүмүүсийн хүлээлт, найдлагыг дүүргэхийн төлөө амьдарч байгаа хэрэг огт биш юм

3. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө энэ хэний даалгавар билээ гэж сайн бодож ангилж бай. Үнэхээр энэ чи өөрөө хүссэн зүйл мөн үү? Хэн нэгэнд таалагдах үнэлэгдэх гэж хийж байгаа биш биз?

4. Бусдад хүмүүсийн даалгаварт оролцохгүй мөн өөрийнхөө даалгаварт бусдыг хутгахгүй байх нь хамгийн зохистой үйлдэл юм.

5. Зөвхөн өөрийн хүссэн зүйлээ хийх нь амиа бодсон хэрэг биш. Бусдын даалгаварыг өөрөөрөө гүйцэлдүүлэх чинь л амиа бодсон хэрэг болно шүү.

6. Хүмүүс намайг хэрхэн дүгнэж байгаа бол би бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байх вий гэдэг айдсаас салж зоригтой бай.

Дөрөвдүгээр бүлэг:

1. Бусдыг найзаа гэж харж байна уу? Дайсанаа гэж харж байна уу?

2. Бусдыг найзын сэтгэлээр хүлээн авч бусдын дунд өөрийн байж болох тааламжит орон зайг мэдэрч сур.

3. Би, чи дэлхий ертөнцийн төв биш. Бие төвтэй сэтгэхүйдээ цэг тавь. Та бол бусадтай л адил хүн юм.

4. Харилцааг босоо биш хэвтээ шугамаар харж бусдаас илүүрхэх гэсэн сэтгэлгээгээ өөрчил

5. Бусдыг сайнаар ч бай муугаар ч бай битгий үнэлээрэй. Тухайн хүний оршихуйд нь талархаж байгаарай.

6. Хэн нэгэн чамтай нэгдэж нийлэхгүй байсан ч чи сэтгэл зүйгээрээ ямагт эвийн нийтийн гэсэн ухамсартай сэтгэлтэй байгаарай

Тавдугаар бүлэг:

1. Одоо цагтаа бүжиг бүжиглэж буй мэт хичээнгүй амьдар. Ирээдүй аяндаа зурайна.

2. Бидэнд өөрчилж болохгүй зүйлээ хүлээн авах зориг, өөрчилж чадах зүйлээ сайжруулж өөрчлөх зориг хэрэгтэй. Хүнд чадвар бус юу юунаас илүүтэй сэтгэл зүйн ийм зориг л дутдаг.

3. Өөрийгөө хаях бус өөрийн үнэ цэнээ мэдэрч нийгэмдээ хувь нэмрээ оруул. Энэ хууль бол чиний хэзээ ч замаа алдахгүй зөв замналаараа явах алтан гадас од чинь юм шүү. Энгийн эгэл жирийн байх зоригтой байгаарай.

4. Хүнд итгэж сур. Итгээд дараа нь урвалт мэдэрвэл яана гэж бүү бод. Чамд итгэх эсэх нь бусдад өгөгдсөн даалгавар юм. Хэнд ч итгэхгүй бол чи хэнтэй ч сайхан харилцаа холбоог үүсгэж чадахгүй.

5. Бусад хүмүүс надад юу хийж өгч чадах вэ гэж бодолгүй би бусдын төлөө юу хийж өгч чадах вэ гэж бодож сураарай.

6. Эцэст нь чи инээвэл дэлхий дагаад инээнэ. Дэлхий ертөнц чиний харах өнцгөөс өөрөөс чинь шалтгаалдаг.

Уншиж тэмдэглэл бичсэн: М. Номин-Өлзий

--

--

Nominjii
Nominjii

Written by Nominjii

🇲🇳Mongolian girl Someone who likes writing ✍️👩‍🎓🇰🇷

No responses yet