“Алхимич” номын тэмдэглэл

Nominjii
4 min readDec 3, 2020

--

Номын нэр: Алхимич (The Alchemist-연금술사)

Зохиолч: Пауло Коэльо (1947~ )

Бичигдсэн он: 1988

Монгол хэлрүү хөрвүүлэгдсэн он: 2002

2019 оны 6 дугаар сард зуны амралтаараа Монгол явж гэртээ хэд хоног сайхан амарсан юм. Тэр үед дүү маань нэгэн ном уншихийг санал болгосон бөгөөд тэр ном нь “Алхимич” байсан. Ямар ном болоод намайг унш гэсэн юм бол гэсэн бодолд хөтлөгдөн уншиж эхлээд л хоньчин хүүгийн түүхрүү ороод хорвоогоос тасарчихсан.

“Алхимич” туужийн тухайд Бразилийн алдарт зохиолч Пауло Коэльо бичсэн бөгөөд анх Португали хэлээр бичигдсэнээсээ хойш 56 орны хэлээр орчуулагдан 20 сая гаруй хувь зарагдсан гэнэ. Энэ зохиол нь Пауло Коэльо зохиолчийг дэлхий дахинд таниулсан агуу алдар нэрт аваачжээ.

Зохиолын ерөнхий агуулга гэвэл Сантьяго хэмээх Спанийн ном унших дуртай хоньчин хүү нэгэн зүүд зүүдлэсэнээр эхлэнэ. Түүний зүүдэнд нэгэн жаахан охин түүнийг Египетийн Пирамидуудын дунд дагуулж ирээд “Хэрвээ та энэ газрыг хайж олвол нуугдмал эрдэнэсийг олох болно” хэмээж байв. Тэрээр нэгэн үзмэрч эмэгтэйтэй уулзаж энэ зүүднийхээ тухай асуухад “Чи Египетийн Пирамидуудруу заавал оч. Тэндээс чи чамайг маш баян болгох эрдэнэс олох болно” гэв. Бас санаандгүй байдлаар таарсан нэгэн өвгөн өөрийгөө Салемийн хаан гэх агаад гайхалтай нь тэр Сантьягогийн талаарх бүх зүйлийг мэдэж байлаа. Аав, ээжийнх нь нэрнээс авхуулаад өссөн газар уншдаг номыг нь хүртэл.. Настан нэгэн сургааль хайрлав. “Хамгийн чухал нь гэвэл чи өөрийн хувийн бахархалаа илрүүлж чадсанд оршино. Хувийн бахархал гэдэг бол чиний үргэлж биелүүлэхийг хүсдэг зүйл юм. Хүн бүхэн залуу байх үедээ тэдний хувийн бахархал нь юу болохыг мэдэж байдаг. Тухайн үед тэдэнд бүх зүйл ойлгомжтой, бүх зүйлийг бүтээх боломжтой мэт санагдаж байдаг. Тэд мөрөөдөхөөс айдаггүй бас өөрсдийнхөө амьдралд тохиолдохыг хүссэн зүйлсээ хүлээсэн итгэлээр дүүрэн байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тутамд нэгэн хачирхалтай хүч тэднийг хувийн бахархалаа биелүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл хэмээн итгүүлж эхэлдэг.” Өвгөний хүссэнээр Сантьяго хониныхоо 3/1 буюу 6 хонио өгч хүслээ биелүүлэхийг хүсдэг ч тэрээр хариуд нь “Хэрвээ чи ямар нэг зүйлийг үнэхээр хүсвэл түүндээ хүрэхэд чинь бүх ертөнц тусладаг юм. Эрдэнэсийг олохын тулд чи зөн совин, дохионуудыг дагах ёстой. Бурхан хүн болгонд дагах замыг нь бэлдсэн байдаг юм. Чи зөвхөн түүний чамд үлдээсэн зөн совингуудыг л таниж унших ёстой болно доо” гэдгээс өөр чухал зүйл хэлээгүй юм. Ингээд Сантьяго агуу их хүсэл мөрөөдөлдөө автан 16 жил аж төрсөн төрөлх нутгаасаа Египетийн Пирамидуудын зүг аялалд гардаг. Аялалын гол зорилго бол өөрт нь хоёр ч удаа зүүдлэгдсэн эрдэнэсийг олох байв. Цаашлаад зохиол маань Сантьяго хүүгийн эрдэнэст хүрэх адал явдалтай аялалын талаар өгүүлэнэ. Африкт очмогцоо мөнгөө алдсан Сантьяго Спанируугаа буцахаар болор эдлэлийн худалдаачинд ажил хийхээр болдог. Сантьягогын ачаар тэр дэлгүүрийн үйлчлүүлэгчид нэмэгдэж эхлэсэн бөгөөд овоо их мөнгө хурааж чадсан тэрээр эрдэнэсийн зүг жингийн цуваанд багтаж Пирамидруу явахаар шийднэ. Энэ үедээ Алхими судалдаг англи эртэй тааралдах ба тэр эр Баянбүрдтэй ойрхон амьдран буй Алхимичтэй уулзахаар цөлрүү явж байгаа хэрэг аж. Баянбүрдэд ирэх боловч дайн гарч хэдэн сар саатах болсон бөгөөд Сантьяго Фатима хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж өдөр бүр худгийн дэргэд уулзаж эхлэнэ. Энэ хугацаанд Сантьяго огтохгуйн дуу авиаг сонсож байгалийн өөрт нь өгч буй дохиог ойлгодог хүн болж хөгжсөн байдаг. Алхимичтэй ч уулзана. Алхимичтэй хамт цөлийг гатлах замдаа дээрэмчдэд баригдаж өөрийгөө цөлд уусган хувийн бахархал(자아 신화)аа биелүүлсэнээр нуугдмал эрдэнэсийг хайж олоод хайрт Фатимаруугаа явдаг happy ending аз жаргалтай төгсгөл юм. Сонирхолтой нь тэрхүү эрдэнэс Египетийн Пирамидуудад биш түүний өдөр тутмын амьдрал дунд байсан түүх юм. Эцэст нь хувийн бахархалаа биелүүлж хүрч очсон цэг нь түүний өдөр тутмын амьдрал дунд байсан. Өөрөөр хэлбэл дотоод ертөнцөө хөгжүүлж чадвал өдөр тутмын амьдрал чинь эрдэнэс болж болно гэсэн утгатай.

Энэ зохиолыг уншсанаараа шинээр мэдэж авсан зүйл гэвэл номонд “хувийн бахархал(자아 신화)” гэж нэрлэж буй тэр зүйлээр хувь хүн дотоодоосоо хөгжиж өсөн дэвшиж буй үйл явцыг зураглан өгүүлсэн байсан юм. Мөн алхимич гэх үгийн утга нь нь бүхий л эд зүйлийг алтаар хувиргаж чаддаг хүн гэсэн утгатай аж. Энэ зохиолд гардаг Алхимич нь ингэж хэлдэг “Алхими нь хувьсал, хөгжлийн төгсгөлд үүсдэг зүйл юм” гэж гол дүр болох Сантьягод тайлбарладаг. Жишээ нь метал төмөрлөг хувьсан хөгжвөл түүний сүүлчийн хэлбэр төрх болох алт болно. Хүн хувьсал хөгжлийн сүүлчийн хэлбэр төрхөндөө мөнх залуугаараа урт насладаг болно. Энэ нь хүн ч бай эд юмс ч бай хувьсал, хөгжлөө хайх ёстой шалтгаан нь тэд өөрчлөгдөж хөгжсөнөөрөө эцэст нь өөрийнхөө сүүлчийн хэлбэр төрх болох үндсэн мөн чанартайгаа нүүр тулна гэсэн үг гэнэ. Энэхүү хувьсал, хөгжлийн төгсгөлд алхими үйлчилж эхэлнэ.

Энэ ном миний бодлоор хүний амьдралын маш олон зүйлийг төлөөлөн дүрслэх аргаар илэрхийлжээ. Мэдээж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэвэл заавал биелэнэ гэсэн шууд санаа байгаа нь илт. Үүний цаана амьдрах хугацаандаа хүн хэт ном дүрэм дагаж зүрхэндээ бус тархиндаа захирагдахаасааа илүүтэй байгаль дэлхийтэйгээ харилцаж тэднийг чагнаж аль болох чин зүрх сэтгэлээ сонсож аливаад хандах ёстой гэсэн санааг Сантьяго болон судлаач англи эр хоёроор харьцуулан дүрсэлсэн байна гэж ойлголоо. Цаашлаад болор эдлэлийн дэлгүүрийн эзэн, бөс барааны худалдаачин, талхчид эдгээр хүмүүсд өөрийн мөрөөдөл байсан ч тэд бодит байдалтай эвлэрч мөрөөдлийнхөө төлөө тэмцээгүйгээс хувийн бахархалаа нээж өөрчлөгдөн өсөж чадалгүй үлдсэн. Энэ нь хорвоогийн ихэнх хүмүүсийн нийтлэг дүр төрхийг өгүүлэх мэт. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсход цаг гаргаж дотоод хүнтэйгээ ажиллавал бүх зүйл боломжтой боловч ихэнх хүмүүс өөртөө итгэж шинэ зүйл хийж үзэхээс, эрсдэлээс эмээдэг. Хэрвээ Сантьяго хонио зараад аялалд гараагүй бол хоньчин хэвээр үлдэх байсан. Гэвч тэр өөрийгөө эрсдэлд оруулаад ч хамаагүй зүүдэндээ итгэж аялалд гарсан юм. Энэ зохиол нь надад аливааг хэт реалист биш идеалистаар хүлээж авхад нөлөөлөл болов. Ихэнхи номнууд үнэхээр хатуу дүрэм журмаар дүүрэн байдаг бол энэ зохиол үнэхээр хувь хүн хүсээд гадаадаасаа биш дотоод мөн чанараасаа хүчээ олвол бүх зүйл боломжтой гэж дүрслэж өгсөн нь үнэхээр их итгэл найдвар өгсөн халуун дулаан хайр гэрэлтсэн ном байлаа. Хорвоо заримдаа маш хатуу санагдах үе байдаг шүү дээ. Энэ үед “Алхимич” номыг уншсан зүрх сэтгэлтэй хэн бүхэн үнэхээр том тайтгарал бас ухаарал олж авах буйзаа .

--

--

Nominjii
Nominjii

Written by Nominjii

🇲🇳Mongolian girl Someone who likes writing ✍️👩‍🎓🇰🇷

No responses yet