Аргаар аргаар хорвоогийн аясаар нь явна даа охин чинь

Nominjii
2 min readNov 21, 2020

--

Миний ижий (аавын минь ээж) 8 жилийн өмнөх энэ өдөр тэнгэрт одсон. Таньгүйгээр хорвоогийн 8 жилийг ардаа үдлээ бид. Намрын сэрүүн орохоор яагаад ч юм маш их ганцаардаж гунигтай байдаг. Бид гурвыг бурхан мэт хайрладаг байсан даа та минь. Мөн ч их санах юм. Дахиж хэзээ ч таныхаа инээдийг сонсохгүй, хэзээ ч царайг нь харахгүй гэхээр дэндүү харуусалтай гунигтай. Таныг байхгүй гэдгийг санах болгонд хорвоо дэлхий хөмрөх мэт толгой дүүрч цээж бачуурч нүдэнд нулимс дүүрдэг. Болдог бол үүрд хамт байх юмсан. Хол газарлуу явсан боловуу? Ганцаараа айсан болов уу? Би хань болоод дагаж явсан бол таньдаа дэм болох байсан болов уу? Аав, ээж, дүү нартаа том охин(эгч) нь хэнээс ч илүү хэрэгтэй гээд та минь дагуулж явахаас дургүйцэх байсан байх.

8 жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдөж аав, ээж хоёр ч нас намба сууж бид гурав ч том болсон. Та минь харж байгаа гэдэгт итгэж байна. Жаахан шар ач охин нь сургуулиа шилдэг сурагч болж онц төгсөөд анагаахад орсон таныхаа мэргэжлийг залгаж эмч болно. Ижий минь Та залуудаа тийм сэргэлэн цовоо охин байсан уу? Танийг дуурайсан мэт аливаад чадварлаг хүнтэй эв зүйтэй харагддаг. Бурханаас гуйж авчирсан ач хүү нь том болсоон. Цүнхээ үүрээд сургуульдаа явахыг нь хармаар байна гэж байж билээ ижий минь. Яг аавын бага насны зураг шиг хөөрхөн цэвэрхэн хүү болж байгаа. Бас их яриасаг. Харин би таныхаа залбирлаар аргаар аргаар хорвоогийн аясаар нь сайн явнаа ижий минь. Дараа долоо хоногт магистраа хамгаалана.

Өсөж томрох тусам таныгаа эмэгтэй хүний хувьд ямар амьдралаар яаж амьдарч байсныг ойлгож дурсан санах өдрүүд ихсээд байна ижий минь. Та ойрхон байсан бол бүх зүйлээ ярихсан. Ганцхан та л намайг ойлгох юм шиг. 24 нас гэдэг багагүй насанд хүрсэн ч төөрч будилмаар зүйлүүд бишгүй гарах юм. 8 жилийн өмнө би таныгаа тэнгэрт явхад таныг надад эргэж төрнө гэж өөрийгөө тайтгаруулсансан. Гэтэл одоо өдий 24 хүрсэн ч хүний эхнэр болж хүүхэд төрүүлж амьдрана гэдэг хол санагдана.

Ижий минь зүүдэнд орж ирэх бүртээ аз жаргалтай инээж харагдах юм. Би таныгаа маш их санаж байна. Маш их хайртай бас хэмжээлшгүй их талархах ёстой ачтан минь та билээ💝

Ач охин нь юу ч тохиолдсон хүчтэй байж таныхаа үргэлжлэл байх болноо. Хааяа санахдаа бичиж байхаар шийдлээ🤫

--

--

Nominjii
Nominjii

Written by Nominjii

🇲🇳Mongolian girl Someone who likes writing ✍️👩‍🎓🇰🇷

No responses yet