“Далд ухамсрын хүч” номын тэмдэглэл

Nominjii
5 min readNov 29, 2020

--

Номын нэр: Далд ухамсрын хүч (The Power of your subconscious mind- 잠재의식의 힘)

Зохиолч: Джозеф Мэрфи( 1898–1981)

Солонгос хэлрүү хөрвүүлэгдсэн он: 2011

2020 оны 4 дүгаар сард миний уншиж байсан Япон зохиолчтой нэгэн номон дээр энэхүү эртний алдарт ном дурдагдаж надад унших сэдлийг төрүүлсэн билээ. Ингээд би дараа сард нь буюу 2020 оны 5 дугаар сард Солонгос хэл дээр орчуулагдсан хувилбарыг нь захиалан авсан юм. Миний хувьд хичээл зүтгэлээ орхигдуулахгүй байхын зэрэгцээ оюун ухаан, санаа бодлоо зөв удирдаж сурах нь чухалд тооцогддог тул энэ номыг унших болсон. Өглөө гэрээсээ гарахдаа цүнхэлж аваад метронд уншина. Сургууль дээр лаборатортоо ирээд судалгаагаа хийхээс хэдэн минут эсвэл нэг цагийн өмнө номоо уншиж өөртөө би чаднаа гэж урам өгдөг байв. Нэг сараас арай бага хугацаанд уншиж дуусгаад ширээний номоо болгосон юм.

Энэхүү ном нь дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан гарч олон мянган ширхэг зарагдсан алдартай бүтээл аж. The Secret гэдэг баримтат киноны эхлэл дээр гардаг эртний нэгэн ном нь энэ ном байж ч болох юм. Маш дээр үеийн ном бөгөөд орчин үеийн хүмүүст ойлгомжтой байдлаар засаж гаргасан хувилбар нь гэдэг. Унших явцад бага зэргийн нуршуу санагдсан ч гол хэлэх гэсэн утга нь тодорхой санагдсан. Энэ номын зохиолч Джозеф Мэрфи нь хүн төрөлхтний далд ухамсрын талаар судалсан голлох төлөөлөгч бөгөөд Дэйл Карнегийн залгамжлагч гэж хэлж болно.

За ингээд номын агуулгаруугаа орьё. Ерөнхийдөө гол утга санаа нь хүнд далд болон ил гэсэн ухамсар байх бөгөөд өөрийн далд ухамсраа зөв удирдсанаар хүссэнээрээ амьдрах боломжтой тухайлбал таны бодол мэдрэмж, үг үйлдэл бүхэн тань татах хүчтэй байдаг гэсэн агуулгатай. Ном нь 20 бүлэгтэй ба амьдралын бүхий л салбарт (санхүү, гэр бүл, ажил мэргэжил гэх мэт) далд ухамсрынхаа тусламжийг хэрхэн авч болдог гэдгийг бодит жишээ, түүхүүдээр тайлбарлаж өгдөг. Өөрийн сэтгэл дотроо үрээ суулгаад итгэл найдвар гэх ус ба бордоог өгөөрэй. Тэгвэл тэр зүйл чинь биелэгдэх болно. Энэ номонд хүний сэтгэлийн хоёр өөр чанарыг илэрхийлэхийн тулд “ил ухамсар” ба “далд ухамсар” гэсэн нэршилийг ашигласан. Далд болон ил ухамсар нь хоёр өөр сэтгэл биш гангцхүү нэгэн сэтгэлийн хоёр өөр чанар юм. Энэ талаар тодруулбал ил ухамсар бол логик сэтгэлгээ, ухамсартай шийдвэрүүдийг бүгдийг нь гаргаж байгаа ухамсар гэж хэлж болно. Харин далд ухамсар бол таныг ухамсарлаагүй байхад ч үйлчилж байдаг юуг ч шүүмжилж шүүж дүгнэдэггүй ухамсар юм. Таныг юуг ч ухамсарлаагүй байхад зүрх тань автоматаар цохилж хоол боловсорч цусны эргэлт явагдаж амьсгал авах гаргах гэх мэт бие махбодыг амьд байхад чиглэсэн чухал ажиллагаанууд далд ухамсар дээр үүдэн үргэлжлэн явагдаж л байдаг. Өөрөөр хэлбэл ил ухамсар бол объектив сэтгэл ба таван мэдрэхүйгээ ашиглан хүлээн авч логиктой ухамсарлан шийдвэрүүдийг гаргаж байдаг. Далд ухамсар бол субъектив сэтгэл ба ил ухамсарыг амрах үед гарч ирж үйлчилдэг ухамсар юм. Энэхүү далд ухамсар маань үнэн худлыг ялгадаггүй, сонгох, харьцуулдаггүй бөгөөд зөвхөн сэтгэл санааны байдал, өөрт нь өгөгдсөн дохиолол дээр тулгуурлан өдөөгддөг. Жишээлбэл та ил ухамсартаа ямар нэг зүйлийг үнэн гэж итгэвэл далд ухамсар үүнийг шуудхан хүлээн авч биелүүлж эхлэдэг байна. Цаашлаад энэ номын зохиолч далд ухамсартаа өөрийн хүсэл мөрөөдлөө үнэн гэж итгүүлвэл бодит болж биелэнэ гэж үзээд түүнийгээ өөрийн зөвлөгөө өгч ажиллаж байсан олон хүмүүсийн амьдралын жишээгээр тайлбарладаг. За тэгээд далд ухамсартайгаа холбогдох аргуудыг энэ ном дээр нэг бүрчлэн бичсэн байгаа. Төлөөлөх аргууд нь батламж үгсийг ашиглах, төсөөлөн бодох аргууд юм. Батламж үгсийг ашиглах гэдэг нь өөрийнхөө хүссэн зүйлийг бодитоор байгаа мэт тэмдэглэл дээрээ бичээд түүнийгээ өөртөө давтан хэлэх журмаар далд ухамсартаа ойлгуулах арга юм. Жишээ нь “Би үзэсгэлэнтэй бас ухаантай” гэх мэт. Төсөөлөн бодох арга нь хүссэн зүйлээ авчихсан мэт төсөөлөх жишээ нь би улаан богино даашинжтай болмоор байвал улаан даашинзаа өмсөөд үдэшлэгт явж буй дүрээ дотроо дүрслэн харах түүнийгээ мэдрэх ёстой. Энэ номноос авч болох гол зөвлөмжийг доор бичсэнээс харж болно.

1. Бидний дотоод мөн чанарын ертөнц хязгааргүй нөөцтэй. Сэтгэлдээ хүссэн зүйлийнхээ хариултыг олмоор байвал дотоод ертөнцөө ажиглаарай

2. Бүх цаг үеийн суут хүмүүсийн нууц нь дотоод мөн чанар дахь далд ухамсрын хүчээ олж нээн тэрхүү хүчээ ашигласанд байгаа юм. Бид ч бас тэгэх боломжтой.

3. Далд ухамсар бол бүх асуудлын хариулт юм. Хэрвээ чи унтахаасаа өмнө ‘Би 6 цагт босмоор байна’ гэж далд ухамсартаа дохио өгвөл далд ухамсар тань яг тэр цагт таныг сэрээж өгнө.

4. Далд ухамсар таны биед шингэж байгаа учир өвчинг анагааж өгч ч чадах боломжтой. Шөнө бүр амар амгалан байдалд орж эрүүл энх байдлыг хүсч мөрөөдөнгөө нойронд автаарай. Тэгвэл таны үнэнч зарц болох далд ухамсар тань өөрийг чинь эмчлэх болно.

5. Санаа бодол бол шалтгаан нь бөгөөд бүх нөхцөл байдал түүний үр дагавар юм.

6. Сайн ном эсвэл эх зохиол бичих эсвэл сонсогчдод зориулж сайхан ярихийг хүсвэл хайраар талархаж чин сэтгэлээсээ тэрхүү санаагаа далд ухамсартаа ойлгуулаарай.

Солонгос хэлээр уншсан учир зөвхөн гарчиг хэсгийг орчуулав.

1-р бүлэг Дотоод мөн чанар дахь эрдэнэсийн агуулах

2-р бүлэг Оюун сэтгэл хэрхэн ажилладаг вэ

3-р бүлэг Гайхамшигийг бүтээгч далд ухамсрын хүч

4-р бүлэг Эрт үеийн оюун санааны эмчилгээний арга

5-р бүлэг Орчин үеийн оюун санааны эмчилгээний арга

6-р бүлэг Оюун санааны эмчилгээний практик хэрэглээний арга

7-р бүлэг Далд ухамсар нь амин сүнсийг чиглэж үйлчилдэг

8-р бүлэг Хүссэн үр дүндээ хүртэх арга

9-р бүлэг Баялаг бүтээхийн төлөө далд ухамсраа ашиглах арга

10-р бүлэг Та баян болж чадна

11-р бүлэг Далд ухамсар нь амжилтыг дэмжих хүч мөн

12-р бүлэг Эрдмийн ажилд далд ухамсараа ашиглах арга

13-р бүлэг Далд ухамсар болон нойрны гайхамшиг

14-р бүлэг Далд ухамсар ба гэрлэлтийн асуудал

15-р бүлэг Далд ухамсар ба аз жаргал

16-р бүлэг Далд ухамсар ба хүн хоорондын нийцтэй харилцаа

17-р бүлэг Далд ухамсараа удирдаж хүнийг уучлах арга

18-р бүлэг Сэтгэлийн хана хэрмийг арилгагч далд ухамсар

19-р бүлэг Далд ухамсрын тусламжтай айдсаа ялах арга

20-р бүлэг Оюун санааны хувьд мөнхийн залуу амьдрах арга

Энэ номыг уншсанаар шинээр олж мэдсэн зүйлүүд гэвэл ил болон далд ухамсар хоорондын холбоо хамаарал болон далд ухамсартайгаа хэрхэн харилцах ёстойг ойлгож авлаа. Бас энэ ном өөрөө хүсвэл боломжгүй зүйл гэж байдаггүй гэдэгт бат итгэх итгэл хайрлалаа.

Энэхүү номны талаар эцэст нь дүгнэвэл дээр үеэс өвлөгдөж ирсэн үнэт эдлэл мэт үнэ цэнтэй ном байлаа.

Надад үзүүлсэн нөлөөллийн хувьд тухайн үед би гэдэг хүн Магистрийн дипломын ажил хажуугаар нь KCI д хэвлүүлэх судалгаагаа бичих гээд сэтгэл зүйн хувьд маш их ачаалалтай үе байсан. Яг тийм ачаалалтай үед энэ ид шидийн ном гарч ирсэн нь аз ч юм шиг. Нэг бодлын миний тулах цэг болж болж өгчдээ.

--

--

Nominjii
Nominjii

Written by Nominjii

🇲🇳Mongolian girl Someone who likes writing ✍️👩‍🎓🇰🇷

No responses yet