Номын нэр: Эр зоригоо гээлгүй хүчтэй байгаарай (용기를 잃지 말고 힘내요)
Зохиолч: Ким Жи Хунь (김지훈)
Хэвлэгдсэн он: 2019
2019 оны 12 дугаар сард найз маань энэ номыг бэлэглэсэн юм. Уг номын зохиолч Ким Жи Хунь нь ихэвчлэн бусдад урам өгсөн шүлгүүдийг бичдэг бөгөөд түүний номнууд маш гоё чамин зурагтай мөн шууд уншигдахуйц энгийн зөөлхөн бичвэртэй байдгаараа онцлог. Солонгосын нийгмийн завгүй агаад өрсөлдөөн ихтэй амьдралаас стресс авч урам зоригоо хугалсан залуусд зориулан зохиолч энэхүү номоо бичжээ. Ном нь уншхад маш хялбархан бас сэтгэл сэргээсэн зурагт шүлгүүдээс бүтдэг. Шүлгийн нэрүүдээс дурдвал “Инээгээрэй”, “Яагаад мэдээгүй юм бол”, “Энэ ч бас болоод л өнгөрнө”, “Зовлон шаналааа баярлалаа”, “Халуун дулаан ганцхан үг” гэх мэт..
Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог.
Энэхүү сэтгэл гэдэг нандин эрхтэнд зориулагдсан дарамт багатай уншиж болохуйц, тайтгарал, урам өгсөн ном байлаа. Хүний хөгжлийн маш олон номноос уншиж байсан агуулгуудыг шүлгээр илэрхийлээд гаргачихаар хүнд арай амархан хүрдэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Магадгүй яг одоо өөрийгөө шүүмжлэн суугаа бол, тэр үед би ингэх ёстой байсан гэж харамсан суугаа бол `тэр үед тэгэхээс өөр арга байгаагүй дээ`гэж аргадаарай. Магадгүй надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол бусдад хайрлагдах эсвэл хайрлах биш өөрийгөө аргадаж хайрлах байж болох юм. Өөрийгөө хайрладаг хүн байж л бусдад хайраа түгээж чаддаг болхоор.
Хүн өөрийгөө буруутгаж доошоо дарах тусам сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, дутуугийн мэдрэмжинд автдаг. Дутуугийн мэдрэмжинд автсан хүн өрөөл бусдыг үл тоож хайраа харамлаж эхлэдэг. Тиймээс хамгийн түрүүнд учраа хэлж уучлал хүсч тайлбарлаж эвээ олох ёстой хүн бол дотоод хүн маань аж.
Өөдрөг ба гутраги хүмүүсийн ялгаа: Шалгалт нь дөхсөн үед гутранги хүн цаг алга гэж бухимдан өөдрөг хүн хангалттай хугацаа байна гэж талархана. 1минут , 2 минут ч ашиглаж болох цаг учир тэрхүү цагийг бухимдаж айж биш ашиглаж өнгөрүүлье. Аз жаргал гэдэг одоогийн байдлаа солих гэж хичээх бус одоог харж дүгнэж байгаа өнцгөө өөрчлөхөд гарч ирдэг.
Аливааг хэтэрхий тооцож нарийн зөв дүгнэж ханддаг байх сайн боловч амьдрал дээр тийм хүмүүсээс илүү байгаагаа жаахан илүү үнэлж талархаж чаддаг хүмүүс амжилттай байдаг.
Аргадуулахсан гэхээсээ илүү аргадаж өгөхсөн гэсэн сэтгэл, хайрлуулахсан гэхээсээ илүү хайрлаж өгөхсөн гэсэн сэтгэл намайг эмчилдэг гэдгийг ойлгох болсон. Цаашдаа хичээх болно. Өөрийгөө илүү их хайрлаж бусад хүмүүсийг ч бас илүү их хайрлахын төлөө.
Өөрийгөө дөвийлгөн бодож бусдаар хүндлүүлэхсэн гэх тусам улам доошилдог. Эсэргээрээ бусдад халуун дулаан сэтгэлээ түгээж өгөх тусам амьдрал илүү гэрэлтдэг.
Халуун дулаан ганцхан үгээр шинэ өдрөө эхлүүлээрэй түүнийг чинь сонссон хүн өөдрөг сэтгэлээр өдрийг эхлүүлэх болно. Хэцүү байгаа хэн нэгэнтэй таарвал халуун дулаан ганцхан үг дамжуулаарай. Тэр хэлсэн үг чинь сонссон хүнийхээ хувь заяаг ч өөрчилж чадах хүчтэй. Бүгдээрээ хүч зоригоо гээлгүй тэнхээтэй байцгаая. Чин сэтгэлээсээ хэлье. Эр зоригоо гээлгүй хүчтэй байгаарай.