Номын нэр: Нотр Дам сүмийн бөгтгөр ( The Hunchback of Notre Dame-노트르담의 꼽추)
Зохиолч: Виктор Гюго (1802~1885)
Эх зохиол: Парисын дарь эхийн сүм
Анх хэвлэгдсэн он: 1831
Энэхүү номыг анх уншсан нь тэртээ 2008 он. Тухайн үед би арван жилийн дунд ангийн сурагч байсан ба сургуулийн номын сангаас ихэд шимтэн уншиж билээ. Анхны уншсан сонгодог зохиол байсан болоод ч тэрхүү маш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Тэр үеэ сэргээгээд энэхүү зохиолыг дахин нэг санагалзан бичихээр шийдэв.
Энэ номын зохиолч болох Виктор Гюго нь 19 дүгээр зууны Францын нэрт зохиолч ба “Нотр Дам сүмийн бөгтгөр” номын эх зохиол нь “Парисын эх дагинын сүм" (Notre-Dame de Paris) юм. Энэхүү зохиолд 1482 он буюу 15 зууны үеийн Франц Парисын Нотр-Дам сүмийг тойрсон олон төрлийн хүмүүс, тэдгээрийн хувь заяа ба тэр үеийн нийгмийн байдлыг дүрслэн үзүүлсэн байдаг. “Нотр Дам сүмийн бөгтгөр" зохиол нь хүүхдүүдэд зориулж гаргасан хэлбэр гэдгээрээ онцлогтой.
Зохиолын гол дүр нь Эсмералда гэх бүсгүй. Тэрээр төрсөн ээжээсээ багадаа хагацаж Цыгануудад хулгайлагдан өссөн гэнэн цайлган зантай үзэсгэлэн гоо төрхтэй бүсгүй бөгөөд энэ зохиол нь түүнийг тойрсон олон залуус тэр дундаа бөгтгөр биетэй, муухай царайтай ч сайхан сэтгэлт залуу Квазимодогийн үнэнч хайрын тухай түүх билээ. Квазимодо нь багадаа эцэг эхдээ орхигдож хоцорсон ч түүнийг Клод Фролло нэртэй санваартан олж Нотр Дам сүмийн хонхчин болгож өсгөжээ. Бие нь харагдах байдлын хувьд үзэмж муутай ч хүч тэнхээ ихтэй, ааш зан нь эелдэг, үнэнч, цайлган. Эсмералдаг хайрлаж түүний төлөө бүхнээ зориулах боловч бусдаас өвөрмөц дүр төрхнөөсөө болоод ч тэрүү түүний хайр нь амжилт олдоггүйд ихэд гутардаг. Квазимодог өргөж авсан эцэг Клод Фролло сахил, санваараа умартан Эсмералдад санаархан шунана. Энэ шуналаасаа болж Парисын наадмын үеэр үзэсгэлэнт цыган бүсгүй Эсмералдаг Квазимодогийн хүчийг ашиглан хулгайлахыг оролдох ба энэ үед Фебис Дө Шатопер гэдэг нэртэй Парисын цэргийн дарга залуу гарч ирж аварсанаар бүсгүй Фебисд ухаангүй дурлав. Гэвч Фебис бол сүйт бүсгүйтэй атлаа Эсмералдаг ашиглахыг хүссэн нэгэн байлаа. Санваартан Фебисыг алж тэр хэрэгт гүтгэгдсэн гол дүрийн бүсгүй Эсмералда дүүжлүүлэн нас бархад Квазимодо түүний хамт амьсгал хураасан байв. Тэврэлдсэн араг ясыг нь уутлахаар салгахад тэр утаа болон замхрав гэж зохиолын төгсгөлд өгүүлдэг нь үнэхээр сонин гунигтай, өрөвдмөөр байсан. Энэ зохиол дээр гардаг эрэгтэй хүмүүс бүгд л зэрэг дэв өндөр эсвэл царай зүс сайтай боловч дотооддоо муу санаагаар атаа шуналдаа хөтлөгдөн Эсмералдаг өөрийн болгохыг хүсдэг. Ганцхан хөөрхий үзэл муут Нотр дам сүмийн бөгтгөр гэж нэрлэгдэх Квазимодо л бүсгүйг чин сэтгэлээсээ юу ч хүсэхгүйгээр хайрласан байж болох. Төгсгөл хэсэгт нь сэтгэл өмөрч, хорвоо дэлхий дээрх хүмүүсийн тухай гүн гүнзгий бодох мэдрэмж төрж билээ.
Энэ зохиолын надад мэдрүүлсэн шинэлэг тал нь өөр ямар ч номноос илүү байх. Учир нь 15 дугаар зууны үеийн Франц Парисын дүрслэл, Нотр-Дам сүмийн тухай өгүүлэмж нь үнэхээр гайхалтай. Тухайн үедээ уран сэтгэмжинд ихээхэн нөлөө үзүүлсэн байх.
Сургамж: Хүний дотоод сэтгэлийг царай зүс гадаад төрхөөр нь дүгнэх бус бусдаас ялгаатай өвөрмөц байдлыг нь хүлээн зөвшөөрч ялгаварлан гадуурхахгүй байх нь хүний ёс юм. Хамгийн их үзэн яддаг хүн чинь олон жилийн өмнө алдсан охин чинь ч байх юм билүү! Тиймээс бусдыг хэт харлуулж эсвэл хэт цайруулж бодхоос илүүтэйгээр ямар ч хүнд хар цагаан тал алаглан байдаг түүнд нь тааруулж ойлгож харилцах нь эргээд өөрт эрсдэл багатай байдаг гэдгийг ойлгов.