1 дүгээр өдөр 2018.07.30 бороотой
Шанхайгаас 5 цаг шахуу нисч хүсэн хүлээсэн Бангкокын “Don Mueang” ОУ-ын нисэх буудал дээр буулаа🛬. Тайландад ямар зүйлс хүлээж байх бол гэж бодмогц ачаагаа аваад бушуухан онгоцны буудлаас гараад гүйчихмээр санагдав. Энэ нь миний анх удаагаа энд ирж буйг илтгэх мэт. Онгоцны буудлаас Бангкокын аялал жуулчлалын гудамж болох “Khaosan road” руу автобусаар🚌 1 цаг 20 минут явж очив. Автобусанд явах замдаа Тайланд улсын талаарх тайлбарыг манай багийн гишүүн дуржигнуулав. Тэр хэлэхдээ “ 🇹🇭 Тайланд бол хаант засаглалтай улс бөгөөд нийслэл нь Бангкок, Тай хэлээр яридаг, 67 сая хүн амтай, улсын бэлгэ тэмдэг нь заан” гэв. За ингээд автобуснаас бууж захиалга өгсөн буудалруугаа алхаж очих замдаа усан бороотой🌧 таарч шүхэргүйн эрхэнд наймаачдын асарт хоригдож жаахан зогсов. Ингэж зогсох мөчид гудамж талбай, хүмүүсийнх нь өмссөн хувцас, зарж буй юмсыг нь хальт ажиглаад авав🕵. Яг л кинон дээр гардаг шигээ харагдах аж. Хэсэг хугацааны дараа 8 ортой дотуур байрных шиг буудлын өрөөнд бид орлоо 🏨. Шүршүүрт орж хувцсаа солиод гархад аль хэдийнээ оройн хоолны цаг болсон байв. 🍛Тайланд хоол хуурганууд нь голцуу хурц амтлагчтай харин гудамжны хоолнууд нь🍡🍢🍗 сонирхол татам, 🍎🍓🍇🍒🍋🍍жимсний шүүc нь төрөл зүйл баялаг, шинэлэг, эко санагдсан.
Оройн хоолны дараа өөр өөр орны олон хүмүүс бужигналдсан, чанга хөгжимтэй 🎶, дүүрэн хүнтэй атлаа гайхамшигтай уур амьсгалтай нэгэн газарт очив. Гартаа нэг нэг жижигхэн пиво барьсан ч тэрийгээ уусан ч юмгүй хөгжмийн аянд уяарсандаа ч тэрүү шинэ газар ирээд баярласандаа ч тэрүү залуу хүмүүсийн дэггүй зангаар хэсэгхэн зуур ухаангүй бүжиглэв💃. Бангкокын тэнгэр дор өнгөрүүлсэн хамгийн сайхан үдэш тэр байж 🌙.
2 дугаар өдөр 2018.07.31 нартай цэлмэг
Энэ өдөр өглөө эртлэн босоод өөрсдийн байрласан “Khaosan” 🌴 гудамжтай танилцах, дэлгүүр хэсэх 🛍, тайланд массажинд орж амархад бүтэн өдрийг зориулалаа.
Тайландад маш бүгжим халуун байсан учир орчиндоо тохирсон хувцас 👗авч өмсөх нь бидэнд нэн чухал зүйл болж хувирчээ. Зааны зурагтай хувцас, цүнх зэрэг хаа сайгүй өнгө, төрлөөрөө алаглан байх аж. Худалдаачид нь эелдэг, эхэндээ өндөр үнэ хэлээд дараа нь ярилцаад үнээ буулгах дуртай юм билээ😆. Хувцасны үнийн хувьд ярилцаж буулгаж авбал дундаж боломжийн санагдсан. Тайландын мөнгөн дэвсгэртийг baht гэдэг бөгөөд хаан болон ханхүүгийн зурагтай цаасан дэвсгэрт болон зоостой💰. Ер нь Тайландад хаа сайгүй л хаан, хатны зурагт алтлаг самбарууд харагдах нь аргагүй л энэ хаант улсын онцлог гэлтэй 👑.
Массаж 💆, гудамжны төрөл бүрийн хоол🍢, жүүс🍹 зэрэг хаа сайгүй холилдон байх агаад европ, ази, америк газар газрын хүмүүс 🌎 энд чухам жаргалаа эдлэн аялаж амарцгаах нь нүднээ илхэн. Бид ч яг энэ маягаар нэг өдрийг өнгөрүүлж үзлээ🤗.
3 дугаар өдөр 2018.08.01 бага зэрэг үүлэрхэг
📃Энэ өдөр өглөөнөөс орой болтол нарийн төлөвлөгөөний дагуу аяласан ба хөтөч эгчийн англи хэл нь нутгийн аялгаар дүүрэн ч түүний яриаг сонссон хэн ч ойлгох хэмжээний тод чанга хоолойтой цовоо нэгэн байлаа. “Day trip in Kanchanaburi” нь бидэнд маш гайхалтай байгальтай танилцангаа аялах боломжийг өгсөн юм.
Үдээс хойш жинхэнэ адал явдал эхлэсэн нь байгалийн сайхан дундуур ан амьтадтай замыг нэвт туулан гарах галт тэргээр зорчих, зааныг ойроос харж бүр дээр нь сууж үзэх, хүрхрээн дээр очих зэрэг байсан юм.
Адал явдалтай нэг өдрийн аялал дуусч автобусаар буцаж нилээд удаан явсаар байрласан газраа ирж хонов.
4 дүгээр өдөр 2018.08.02 бүгчим халуун
Өнөөдөр сүүлийн өдөр учир их зүйл үзэж амжихгүй ч үдээс өмнөх цагтаа багтаагаад ойрхон байрлах “The Golden Mountain” нэртэй буддын хийдийг очиж үзэхээр төлөвлөв. Холгүй учир газрын зураг ашиглан алхаж очив. Гадаа үнэхээр халуун байсан ч алхангаа байшин барилга, хот сууринг нь нилээд ажив. Тайланд бол буддын шашинтай улс гэдгийг хэн хүнд тултал нь мэдрүүлсэн хийдүүдтэй юм билээ. Өндөр шаттай бурхадаар хүрээлэгдсэн цэцэгт хүрээлэн дундуур явж байж уг хийдэд очив.
Ингээд Тайландад байх өдрүүд маань дуусч үдээс хойш 4 цаг гэхэд Khaosan орхиж шөнөдөө Лаос орох замдаа гарсан байв. Яг л кино шиг зүрх хүчтэй булиглуулсан адал явдалтай, инээд хөөр, догдлолоор дүүрэн Тайланд улсын аялал бас миний дэггүй 22 нас. Энэ бүхэн амьдралын нэгэн хуудас болон ард үлдлээ.